Цөөн үгээр

- ҮЕ ҮЕИЙН ТӨГСӨГЧДИЙН ДУНДАХ ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЛОО - ХҮҮХДИЙН МӨНГӨН ТЭТГЭМЖИНД БҮРТГҮҮЛЭХ ШААРДЛАГАГҮЙ - ЦЭРГИЙН ШИНЭЧИЛСЭН ТОО БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Мандал сумын Хэрх 4-р багийн түүхэн замнал

Нийтэлсэн: 1 жилийн өмнө Үзсэн: 2365

1921 оны Ардын Хувьсгалын түүхэн ялалтаас өмнө Түшээт хан аймгийн Баатарван Наваан Юүндэнгийн хошуу хэмээн нэрлэгдэж байсан.           Ардын засгийн газраас, газрыг улсын өмч болгосны дагуу энэ нутагт байсан тариалангийн эдэлбэр газрыг  эзэмших зорилгоор 1923 оны 6 дугаар сарын 26-нд мал, тариалангийн Яамны харъяа “Хараа дахь сангийн тариалан” нэртэй ард түмний өмч болсон жижиг аж ахуйн газар байгуулагдснаар манай сангийн аж ахуй анхны сууриа тавьсан түүхтэй.

            Ардын төрийг бэхжүүлэх бодлогын дагуу орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалтыг шинэчлэх явцад Богд хан уулын аймгийн Ноён уулын хошуу Тунгалаг Мандал сум 1924 онд анх зохион байгуулагдаж 1930 онд Сэлэнгэ аймаг байгуулагдахад тус аймагт харъяалагдан Мандал сумын анхны даргаар Жамсрангийн Дорж сонгогдож байсан бөгөөд түүнээс хойш Арцаа, Дондов, Дамдинсүрэн, Доржнамжил, Өлзийхутаг, Дашдорж, Хүрлээ, Дарамжав, Цэдэв, Жавзандорж,  Ч.Чадраа зэрэг хүмүүс ажиллаж иржээ.

            Нэгдэлжих хөдөлгөөн өрнөх явцад 1959 онд тус суманд “Цэцэрлэг” нэгдэл үүсч 1967 оны 12-р сард Зүүнхараагийн сангийн аж ахуй ,Цэцэрлэг нэгдэл хоёр нийлж өргөжин хөгжиж ирлээ.

            Хараа дахь сангийн тариалан анх байгуулагдахад Зөвлөлтийн мэргэжилтэн Виктор Иванович Ельцев нарын хүмүүс уригдан ирж тариалангийн ажлын технологийг монгол нөхөддөө эзэмшүүлэх талаар ихээхэн ажил хийсний дүнд 1935 онд Хэрх уулын ард Хараа гол дээр хоногт 1.5 тонн гурил хийх хүчин чадалтай усан тээрэм байгуулж анхны жилдээ 460 тонн гурил улсад нийлүүлж  байсан нь эх орны гурилын үйлдвэрийн үүсвэр болж байлаа.

            Энэ үеэс эхлэн үйлдвэрлэлийн хэмжээ өргөтгөж 300 үнээтэй саалийн бригад, 200 хүртэл тэрэгтэй ердийн хөсгийн цуваа зохион байгуулж, Сонгино дахь эм үйлдвэрлэлийн фабрик, Төв, Сэргийлэх, Улаан армийн морин завод зэрэг газарт гурил малын тэжээл тээвэрлэж, 1927 оноос Бороод өвс хадах хорин станц байгуулагдан ажиллаж эхэлсэн юм. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл өргөжсөний дагуу 1929 онд хөдөө аж ахуйн машины механикжуулагчийн анхны курсийг 20 хүнтэйгээр өөрийн аж ахуйн төвд нээж боловсон хүчин бэлтгэж эхэлсэн нь аж ахуйн цаашдын хөгжилтөд ихээхэн түлхэц болсон юм.

            Хөдөө аж ахуйн анхны эдгээр механикжуулагчдаас Гончигсанжаа, Самбуу, Өлзий, Дэндэв, Сахъяа нарын олон хүмүүс он удаан жил үр бүтээлтэй ажиллаж нам, засгийн өндөр шагнал хүртснээс гадна Хараа дахь сангийн тариалангийн анхны ажилчин Лувсангомбо, Дорж, хөдөлмөрийн  гавъяаны улаан тугийн одонт Б.Дагва нарын олон ахмад буурлууд энэ аж ахуйд ажиллаж амьдарч байсан байна.

            Сум-сангийн  аж ахуй эх орныхоо төв хэсэг ойт хээрийн бүсэнд Хэнтий нурууны салбар уулсын дунд, дайлан төвшинөөс 860 м өндөр өргөгдсөн Ерөө, Хараа, Бороо голын сав дагуу оршдог. Жилдээ 250-300 мм тунадас унаж хасах 35-38 0 С температурын хэлбэлзэлд байх бөгөөд нутгийн ихэнх хэсэгт  Хэнтийн нурууны салбар болох Мөнгөлөг,Тунгалаг, Итэмийн нуруу Мандал, Ноён уул зэрэг шилмүүст ойгоор битүү бүрхэгдсэн сүрлэг уулсууд оршино.

            Эдгээр байгалийн үзэсгэлэнт районд гачуур, хар мод, нарс, хус, улиас, жодоо, хуш, бургас зэрэг 20 шахам төрлийн ой модны үхэр нүд, мойл, гүзээлгэнэ, хад, улаалзгана, самар зэрэг 10 гаруй төрлийн жимсний, баавгай, хандгай, буга, гахай, гөрөөс, булга, хэрэм, шилүүс, үнэг, хярс, зэрэг ангийн тул, алгана, хайрс зэрэг олон трөлийн загасны ихээхэн нөөцтэй, Ерөө, Минж, Ходгоон зэрэг олон арван рашаан устай, алт болон бусад баялгийн олон орд газруудтай чухам л “…алтаар шидэж малаа эргүүлэм…” баян тансаг “… буга нь малтай сүрэглэж байх …” өгөөж дэлгэр нутаг юм.

            Тус   сум 478773 га нутаг дэвсгэртэй, үүнээс 94 мянган га хөдөө аж ахуйн эдэлбэр газартай хойт талаараа сэлэнгэ аймгийн Ерөө, Баянгол, урд талаараа Төв аймгийн Бор нуур Батсүмбэр сумдтай хиллэж, нийслэл Улаанбаатар хотоос 170 км, Сүхбаатар хотоос 230 км-ийн зайд орших ба 3034 хүн амтай. үүний  1200 гаруй нь  үйдвэрлэлд ажилладгаас 60 гаруй хувийг 30 хүртлэх насны залуучууд эзэлдэг.

            Сангийн аж ахуйн  төв Хараа голын ард хөвөөнд Зүүнхараа хотоос 6 км-ийн зайд Ноён уулын ар бэлд суурьшиж байдаг.

            Манай сангийн аж ахуйн хамт олон 1974 онд ЗХУ-ын хүч хөрөнгөөр иж бүрэн тохижсон шинэ барилга байгууламжийг хүлээн авсан нь манай орны хөдөө аж ахуйн эрчимтэй хөгжлийг харуулах нэг баталгаа болсон юм. Одоо тус сангийн аж ахуй 70 гаруй сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэйгөөр  сүү-ногооны чиглэлээр үйлдвэрлэлээ явуулж жилдээ 15-18 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байдаг. Үйлдвэрлэлийн нэлээд  олон эрчимжсэн салбартай томоохон аж ахуй болж өсөн бэхжлээ.

                        Газар тариалангийн салбар

            16 мянган га эргэлтийн талбайгаас 9 мянган гаруй га-д үр тариа, 700 шахам га-д төмс, 200 орчин га-д хүнсний ногоо,800 гаруй га-д даршны ургамал малын тэжээл тариалж, 10000 м2 талбай  бүхий шилэн хүлэмжинд жилийн туршид өргөст хэмх, улаан лооль бусад ногоо ургуулж, бүтээгдэхүүнээ улсад тушааж байсан.

            560 га талбайг “ДМ-365-68” маркийн бороожуулагчаар усалж түүндээ хүнсний ногоо тариалж, найдвартай ургац  авч байв. Тус бүр 2 мянган тонн үр агуулах хүчин чадалтай төмсний механикжсан зоорь, улсын үрийн агуулах, 10-15 мянган тонн үр хүлээн авах багтаамж бүхий 2 үтрэмтэй.

 Мал аж ахуйн салбар

            20 гаруй  мянган хонь, 6000 шахам үхэр, 1000 гаруй адуутай бөгөөд мал аж ахуйг эрчимжүүлэх бодлогын дагуу 300 гаруй мэгж бүхий улсын үржлийн гахайн комплекст жилдээ 6 мянга гаруй торой бойжуулж, 800 үнээтэй саалийн механикжсан фермд талын улаан үүлдрийн үхэр өсгөж нутгийн үүлдрийн үхрийг казакын цагаан толгойт үүлдрээр сайжруулж мах, сүүний чиглэлээр үржлүүлж байсан. Жилдээ 200-400 толгой үхэр, адууг  эрчимтэй бордох талбай бүхий мал бордооны цэг, 500 хүртэл тонн тэжээл үйлдвэрлэх 2 цехтэй мал аж ахуйн суурь, фермүүд цахилгаан гэрлээр бүрэн хангагдаж чадсаны дүнд сүүлийн жилүүдэд аж ахуйн дундажар 100 эх хониноос 103-106 төл хүлээн авч, нэгжээс авах төлөвлөгөөт үзүүлэлт жигд биелэгдэж жилдээ  2 сая гаруй литр сүү улсад нийлүүлдэг байсан.

           

Бусад салбар

Жилдээ 120 трактор касварлах засварын газар, 50 гаруй авто машинтай авто граж, жилд 46000 к/клор дулаан гаргах чадалтай “ДКВР-10” маркийн дулааны станц, 1-1.5 сая төгрөгийн барилга угсралтын ажил хийх төлөвлөгөөт даалгавартай барилгын бригад, цахилгаан сантехникийн албад, 10 ортой зочид буудал зэрэг инженерийн барилга байгууламж, ахуй үйлчилгээний салбаруудтай байсан.

            ЗХУ-ын хүч хөрөнгөөр иж бүрэн тохижсон сум сангийн аж ахуй төвд 144 айлын тохилог сууц, 8-н жилийн дунд сургууль, цэцэрлэг, ялслийн комбинат, гуанз, дэлгүүр, холбооны болон кино салбар, хүний их эмчийн салбар, ажилчны клуб зэрэг соёл ахуй үйлчилгээний байгууллагууд ажиллаж байв. Мөн “Экран-ЧМ” станцаар телевизийн нэвтрүүлэг хүлээн авч, 8-р анги хүртэл оройн сургууль, Шаамарын сургууль комбинатын салбар ангиуд хичээллэж, 5 мянган номтой номын сан тогтмол ажиллаж, цахилгаан болон үндэсний хөгжмийн сайн дурын хамтлагт олон арван залуус сургуулилж хичээллэж байсан.

            Тус сум САА-г 150 гаруй коммунистуудыг эгнээндээ нэгтгэсэн намын хороо удирдаж, 1100 гаруй гишүүдтэй ҮЭ-ийн зөвлөл, 200 шахам гишүүдтэй ХЗЭ-ийн хороо, 900 гаруй эмэгтэйчүүдийг хамарсан зөвлөл болон АХШ, МЗНН-ийн салбар зөвлөл зэрэг нам, олон нийтийн байгууллага удирдаж хамт олныг социалист байгуулалтын үйл хэрэгт зохион байгуулахад хамгийн идэвхтэй оролцож эдгээр байгууллагууд аймагтаа ажлаараа тэргүүлж байсан.

 Хөдөлмөрийн үр дүн

Тус сум сангийн аж ахуйн хөгжлийн түүхэнд хамт олны дотроос БНМАУ-ын хөдөлмөрийн баатар Ц.Буниа, Д.Дарамжав, С.Равжаа, Г.Дашдорж, Н.Дэнсмаа,  Х.Цайван ,Ч.Баяраа Т.Дагва ,Гавъяат механикжуулагч  Х.Самбага, гавъяат агрономч Ц.Дашдондог, улсын аварга малчин 5, аварга комбайнч 10, аварга ногоочин 5 аварга салаа бригад 10 тус тус төрөн гарсан бөгөөд төрийн дээд шагнал одон медалиар 200 шахам хүн шагнагдаж, V, VI, VII, VIII  таван жилийн гавшгайч 230-аад хүн хүртсэн байна.

Өнөөгийн Хэрх тосгон

            1992 оны 2 дугаар сарын 01-нд улсын өмч хувьчлалын комиссын тогтоолоор Зүүнхараа САА нь хувьчлагдаж 13 компани болон задарч эдгээр компаниуд нь одоог хүртэл газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр  үйл ажиллагаа явуулж байна.

УИХ-н  1994 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн  36 дугаар тогтоолоор Мандал сум , Зүүнхараа хот, Түнхэл хороо нийлж Мандал сум болон төв нь Зүүнхараа хотод төвлөрөн  Зүүнхараа сангийн аж ахуй нь одоогийн Хэрх тосгон болон байгуулагдсан түүхтэйАХ-ын гүйцэтгэх захиргааны даргаар Ж.Жавзандорж 1992 онд

АХ-ын гүйцэтгэх захиргааны даргаар Ч.Базар 1992-08 сараас

АХ-ын Гүйцэтгэх захиргааны даргаар Г.Жаргалтулга 1993-09 сараас

Хэрх тосгон 4-р багийн Засаг даргаар Ж.Жавзандорж 1994 -08 сараас

Г.Юра- 1996-2002 онд

Л.Батсүрэн 2002-2004 онд

Б.Ганболд 2004-2013 оны 4-р сар

А.Дашзэвэг 2013-2019онд

Ш. Цэцгээ 2019-2021онд

Д. Дүүрэнбаатар 2022 оны 4 сараас сонгогдон ажиллаж байна.

Хэрх тосгонынутгийн хилийн заагийг тогтоож  Баруун талаараа Их Таширын нуруугаар Баянгол сумтай, урдуураа Нартын амын адаг Бороо гол,Зуун модны амаар Төв аймгийн Борнуур сумтай ,зүүн талаараа Ноён-уул Баянголын ам Тарнины ам, Хараа голоор Түнхэл тосгонтой хиллэдэг. Хойд хэсгээрээ Төмөр замын 241-р өртөө Дарьтын ам Өвөр хуст, Шивэр, Саалинч, Галсанбулагийн амуудаар тус багийн иргэд  зусаж, хаваржиж, намаржиж өвөлжиж байна.

             Хэрх тосгон  нь 762 өрхтэй, 3018 хүн амтай,  27970  толгой малтай,

Тус тосгонд  төр төсвийн 6 байгууллага үйл ажиллагаа явуулж төрийн үйлчилгээг ард иргэдэд үзүүлж  байна.

Үүнд: Захирагчийн алба нь  1994 онд 8 орон тоотой, удирдах ажилтан 1, гүйцэтгэх ажилтан 4, үйлчлэх ажилтан 3, 2011 онд 9 орон тоотой, удирдах ажилтан 1, гүйцэтгэх ажилтан 5, үйлчлэх ажилтан 3, 2012 оноос 10 орон тоотойгоор, 2022 онд 14 орон тоотойгоор ажиллаж иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж байна.

Соёлын төв 6 орон тоотой ажиллаж , орон нутгийг сурталчлах танхим,  4000 ш номын фондтой номын сан, 300 хүний суудалтай урлагийн танхимаар тосгоны иргэдэд урлаг соёлын үйлчилгээг үзүүлж байна.

12 жилийн дунд сургууль 48 багш ажилчдтайгаар  боловсролын үйлчилгээг 491 суралцагчидтайгаар боловсролын үйлчилгээг үзүүлж байна.

Янзагхан  цэцэрлэг-17 багш, туслах багш, ажилчинтайгаар бага, дунд, ахлах, бэлтгэл бүлгийн 182 хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг олгож байна.

Эрүүл мэндийн төв-17 эмч, сувилагч туслах ажилчидтайгаар иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна. Эрүүл мэндийн төвийн 10 ортой шинэ барилга баригдаж ашиглалтанд орохоор бэлэн болоод байна.

 Улсын үрийн нөөцийн салбар 5 ажилчинтай, улсын үрийн нөөцийн хадгалалт, хамгаалалтыг хариуцан ажиллаж байна.

Хэрх тосгонд Цагдаагийн хэсгийн төлөөлөөгч, цагдаа,мал эмнэлэгийн 2 салбар, ХААН бан, төрийн банк , сүү хөргөлтийн цех 3, худалдаа үйлчилгээний  11 дэлгүүр, дулааны төв, халуун ус, мод модон материалын зах, газар тариалангийн 34 компани үйл ажиллагаа явуулж байна.

             1996 онд Ноён-уул ХХК ажлаараа   шалгарч Монгол улсын ургацын аварга хамт олон, 2012 онд Сүүтэй компаний тракторч комбайнч  Б.Нямпүрэв  улсын тэргүүний тариаланч, Хэрх тосгон нь 2012 оны ажлаараа аймагтаа шалгарч 1-р байр, аймгийн сайн малчин Сүрнээгийн Дашцэдэн, Чулууны Ганбаяр, аймгийн шилдэг тариаланч Хэрх Уул ХХК-ны захирал Б.Цэрэнбуд, аймгийн шилдэг тариаланч хамт олноор Мандах өргөөХХКшалгаран ажлын амжилт гарган ажиллаж байна.

            2009 онд Мандал сумын үүсэн байгууллагдсаны 85 жил, Атар газар  эзэмшсэний 50 жилийн ойг тохиолдуулан Хэрх тосгоны Захирагчийн алба санаачлан Атар-50 жил, Атар-50 баримтат кино, мөн 2013 онд Зүүнхараа сангийн аж ахуй байгуулагдсаны 90 жилийн ойн хүрээнд Зүүнхараагийн сангийн аж ахуйн -90 жил баримтат киног тус тус бүтээж төрөлх  нутгийнхаа  аж ахуйн бүтээн байгуулалт, хөгжил дэвшил, алдартан гавъяатнуудынхаа үүх түүхийг кино хальсанд мөнхжүүлэн үлдээсэн.
             2021 онд  сумын аварга малчин, ногоочин, тариаланч хамт олон, саальчин шалгаруулахад  3 иргэн, нэг ААНБ-ыг тодорхойлж, товлосон хугацаанд хүргүүлсэнээр ногоочин –Ц. Зориг сумын аварга ногоочин,  Д. Үржинханд – сумын аварга саальчин, А. Дашбаатар захиралтай Ургац Эрдэнэ ХХК- сумын аварга тариаланч хамт олноор шалгарсан байна.
                                               

-

Сүүлд нэмэгдсэн мэдээ