Цөөн үгээр

- ҮЕ ҮЕИЙН ТӨГСӨГЧДИЙН ДУНДАХ ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЛОО - ХҮҮХДИЙН МӨНГӨН ТЭТГЭМЖИНД БҮРТГҮҮЛЭХ ШААРДЛАГАГҮЙ - ЦЭРГИЙН ШИНЭЧИЛСЭН ТОО БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Түүхэн замнал

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 1642

СУРГУУЛИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ

1. Сургуулийн үүсэл хөгжил, сургалтын шинэ системд шилжсэн шинэчлэлийн үе

 

Хэрх сургууль маань Богдхан уулын аймаг Ноён уулын хошууны “Бор гүвээ” гэдэг газар тулгын чулуугаа тавьсан."Бичиг үсгийн бүлгэм” -ээс үүсэлтэй бөгөөд байгуулагдсан цагаасаа эдүгээ 80 жилийн түүхийн он цагийн нугачааг туулахдаа тухайн цаг үеийнхээ нийгмийн хэрэгцээ шаардлага,боловсролын шинэчлэлд нийцүүлэн түмэн шавиа эрдмийн харгуйд хөтөлсөн.Энэ түүхэн он жилүүдэд ээдрээтэй бэрхшээлтэй хүнд үеүд нэлээдгүй тохиолдож байсан ч тэр бүхнийг даван туулсан амжилтын их харгуй хамт олны маань өмнө зурайж,ололт амжилт,мөрлөж өргөсөн ачааны хүндээс үлдсэн ааг амьсгаа маань хав халуунаараа он цагийн тойрогт хадгалаастай үлджээ.Бичиг үсгийн бүлгэмийн анхны хичээлийг багш Думаажав 15 сурагчтай эхэлж байснаас хойш 1935 онд Спирт заводын “Нярав анги”хэмээх газар 1 бүлэг 30 сурагчтай бага сургууль байгуулагдсан байна.

Хожим олон жил сургуульдаа багш, хичээлийн эрхлэгч, захирлаар ажилласан Б.Гунгаа:  "Тэр үеийн хамгийн хүнд асуудал бол ард иргэд маань хүүхдээ сургуульд сургах дургүй байсан учраас багш сумын төлөөлөгчтэй хамт хөдөөгүүр явж, айл бүрээр очиж хүүхдүүдийг бүртгэн нэхэл дагал болно. Материаллаг баазын хувьд ч маш хүнд байлаа" гэж дурсан бичсэн байдаг. Тэр үеийн багш нар маань ингэж бэрхшээлийг даван туулж шинжлэх ухаан,  эрдэм номын шимийг олонд түгээн хөдөөгийн уул талаар соёлын үрийг тарилцан, бүх нийтийг бичиг үсэгтэй болгоход нөр их хөдөлмөрөө зориулан ажиллаж байжээ.

Манай сургууль  тэр үед Бор гүвээнд байсан Спирт завод, Зүүн Хараагийн сангийн аж ахуйг түшиглэн байгуулагдаж, тэдгээр байгууллагын ажилчид болон нутгийн ард олны олон мянган хүүхдийг эрдэм ном сургахад хүндтэй чухал үүргийг гүйцэтгэсэн юм. Багшийн сургууль дөнгөж төгссөн 19 настай залуухан багш, сүүлд Монгол улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч болсон С.Дашдооров, Цэнд нарын олон залуу багш нар ажиллаж байсан юм.

1961-1962 оны хичээлийн жил Зүүнхараагийн САА-н төв Хэрх уулын өвөрт шилжин ирж 1-4-р ангитай бага сургууль, 1970-1971 оны хичээлийн жилд 7 жилийн сургууль болон өргөжсөн байна. Сургууль 11 багш, 352 сурагчтайгаар хичээллэж, захирлаар нь Б.Гунгаа ажиллаж, мэргэжлийн багш нарыгтогтвор суурьшилтай ажиллуулах, материаллаг баазаа бэхжүүлж, сургалтын агуулга, программыг хангах зэрэг олон чухал асуудлыг амжилттай шийдвэрлэсний дүнд 8 жилийн сургууль болон өргөжих эх суурийг тавьж өгчээ.

1973-1974 оны хичээлийн жилд 8 жилийн сургууль болон өргөжиж, ЗХУ-ын тусламжаар баригдсан сургуулийн зориулалттай шинэ байранд шилжин орж 15 багш ,565 сурагчтайгаар хичээллэж, 1974 онд Ц.Оюунханд багштай 8-р анги анхны төгсөлт хийжээ.

Энэ түүхэн үеийн захирлаар АБТА, ахмад багш Д.Гомбодорж, Д.Гомбосүрэн, хичээлийн эрхлэгч С.Лхагважав, Б.Дашпил, Ц.Өлзий нар ажиллаж байсан. Сургуулийн удирдлага, багш нарын идэвх санаачлагыг өрнүүлэн, хичээлийн кабинетуудыг байгуулж, заах аргын нэгдэл секцүүдийн ажлыг улс, аймгийн тэргүүний багш нарын туршлагыг  хэрэгжүүлэхэд чиглүүлж, материаллаг баазыг бэхжүүлэхэд онцгой анхааран ажилласнаар амжилт бүтээл нь жигдэрсэн он жилүүд байлаа.

1987-1988 оны хичээлийн жилээс 10 жилийн дунд сургууль болон өргөжиж 25 багш, 3 удирдах ажилтан, 815 сурагчтай хичээллэн, түүх-газар зүйн багш О.Цэцэгмаагийн удирдсан 10-р ангийн 35 сурагч анхны 10 төгсөгчид болж байлаа. Энэүеийн захирал Ж.Жарантай, АБТА Г.Жаргалтулга хичээлийн эрхлэгч Д.Дашпил Л.Батсүрэн, М.Жаргалсайхан нар багш нарынхаа мэргэжил боловсролыг дээшлүүлэх, ээлжит хичээл бүрийн бэлтгэлийг чанаржуулах, сургалт хүмүүжлийн ажлыг үр өгөөжтэй зохион байгуулах асуудалд анхаарч ажилласнаар аймгийн тэргүүний сургууль болох үндэс суурь нь тавигдаж, амжилт бүтээлүүд ундарсан он жилүүд байлаа.

Хөгжилд чиглэсэн бүтцийн өөрчлөлт

2010-2011 оноос ЕБС-ийн 11 жилийн тогтолцоонд шилжүүлсэнтэй холбогдуулан бага,дунд боловсролын стандартыг өөрчлөн шинэчлэх үйл ажиллагаа амжилттай хэрэгжсэн. Ерөнхий менежер Ч.Одгэрэл,Сургалтын менежер Н.Наранчимэг,Ш.Цэцгээ нар хүүхэд бүрийн хөгжлийг дэмжих сургалтын орчинг бүрдүүлэхэд анхаарч  сургалт  хүмүүжлийн  ажлаа шинэчлэлтэй уялдуулан оновчтой зохион байгуулж ажилласнаар  сургалтын чанарт ахиц дэвшил гарч, шинэчлэлийн зорилтуудыг амжилттай шийдвэрлэн ажилласан.  Зураг-технологийн багш Б.Мядагмаа, орос хэлний багш Д.Эрдэнэтуяа нарын удирдсан анхны 11-р ангийг 56 сурагч  амжилттай төгслөө.

2008  оноос 6 настай хүүхдийг сургуульд элсүүлэн сургах түүхэн шийдвэр гарч 12 жилийн тогтолцоонд шилжин төрөөс боловсролын талаар баримталж байгаа бодлого,эрхзүйн шинэчлэлтийг хэрэгжүүлэх зорилтыг агуулга аргазүйн хувьд хүүхэд нэг бүрийн хөгжилд тулгуурласан бүтцийн шинэчлэлийг тусган бүтээлч сэтгэлгээтэй,өөртөө итгэлтэй,насан туршдаа суралцах чадвартай “Зөв Монгол хүүхэд”төлөвшүүлэх зорилт дэвшүүлэн үе шаттай хэрэгжүүлэн ажилласан.  2014-2015оны хичээлийн жилд анхны 12 жилийг  М.Амарбаясгалан багштай  12а анги 23 сурагчидтайгаар  төгсөж байна. Засгийн газраас дэвшүүлсэн “Ном”, “Авьяас”, “Багшийн хөгжил”хөтөлбөрийн хүрээнд багш нараа чадваржуулах,мэдээллийн технологийг хэрэглээ болгох боломжоор ханган хичээл сургалтандаа  техник технологи,интернетийг хэрэглэж хэвшлээ.Сургуулийн гадна болон дотор камержуулан цахим сургууль болох бэлтгэл ажлыг хангаж байна.Багш нарын мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд онцгой анхаарсны үр дүнд мэргэжлийн багшаар 100% хангагдсан.Нийт багш нарын 51% мэргэжлийн зэрэгтэй.

“Чадварлаг багшаас чадварлаг шавь” уриа дэвшүүлж хичээлийн жилийн төгсгөлд багш бүр бүтээлийн үзэсгэлэн гаргаж ажлаа тайлагнадаг уламжлалтай.  Хөтөлбөрийн хүрээнд “Багш хөгжил төв”-ийг нээж тохижуулснаар багш нар ажлын байрандаа мэргэжил,арга зүйгээ дээшлүүлэх нөхцөл боломжоор хангагдлаа. ”Ном”, “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд сурагчид дэлхийн шилдэг зохиолыг уншиж задалж шинжлэх, зохиол бүтээлтэй танилцаж, уншигчдын бага хурал хийх, номын агуулгаар дүрийн тоглолт хийх, том, жижиг ном хийх, тэргүүний уншигч шалгаруулах уралдааныг жил бүр уламжлал болгон гурван үе шаттай зохион байгуулж тодорхой үр дүнд хүрч байна.Сурагчдын дунд ном бүтээлчээр унших,тэмдэглэл хөтлөх аргазүйд сургах сургалт зохион байгуулж,цахим ном үзэх, татах боломж бүрдүүлж өгсөн төдийгүй анги бүр номын сантай боллоо. ”Монгол хэл бичиг соёлоо дээдэлье” сарын аян зохион байгуулснаар сурагчид монгол хэл бичиг соёлоороо бахархах, алдаагүй  зөв цэвэр бичих дадал хэвшилд суралцлаа. Хэрх сургуулийн хамт олон бид хүүхдэд ээлтэй сургалтын орчинг бүрдүүлэн,бүтээлч сэтгэлгээтэй, авьяаслаг, хэл соёл уламжлалаа эрхэмлэдэг Зөв Монгол хүүхэд төлөвшүүлэх нийгмийн үүрэг хариуцлагаа нэр төртэй биелүүлэн ажиллаж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ